..бусад

Зөрчлийн тухай хуулинд Улсын бүртгэлийн чиглэлээр дараах зүйл заалт тусгагдсан байна. . .

2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулинд Улсын бүртгэлийн чиглэлээр дараах зүйл заалт тусгагдсан байна.
8.1.4 Газрын тухай хууль зөрчих
Хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журам зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.2.2 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.2.6 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.2.7 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлсөлсөн, дамжуулан түрээсэлсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.9 Нөхөрлөлийн тухай хууль зөрчих
Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан, эсхүл дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
15.23 Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
 хуульд заасан үүргээ биелүүлээгүй
 хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.1 Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар : Тогтоосон хугацаа гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулинд шинэ төрсөн хүүхдийг 14, шүүхийн журмаар гэрлэлт цуцлалтыг 10, нас баралтыг 5, шилжин ирсэн бүртгэлийг 10, иргэний үнэмлэх шинээр болон сунгаж авахад 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан хугацааг ойлгоно.
15.24.2 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.3 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.4 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар : Монгол улсын иргэнд иргэний үнэмлэх олгох дүрэмд иргэний үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн бол 24 цагийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасан.
Энэ хуулинд заасан 1 нэгж =1000төгрөг гэж ойлгоно.



    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүнг харуулах

    Цаг агаарын урьдчилсэн мэдээ

    Салхины чиг м/с

    © 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар