Сумын хэмжээгээр жилд 6200 `га талбайд үр тариа, 150 га талбайд төмс, 49 га талбайд хүнсний ногоо, 20 га талбайд бог будаа, 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж  аймгийн хэмжээнд  тариалалтаараа хоёрдугаарт орж байна.
Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр эдийн засгийн үндэс болсон тариалангийн үйлдвэрлэл нийт 15153га-д эргэлтийн талбайтайгаас 70%-ийг ААН, 30%-ийг иргэд эзэмшин жилдээ 10–14 мянган тн үр тариа, 7500-8900 тн хадлан тэжээл бэлтгэн авч гурил мах, төмс хүнсний ногооны сумын хэрэгцээг 100% хангаж  Орхон аймаг, Хялганат тосгоны зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд жимс жимсгэнэ тариалтыг төрийн бодлогоор дэмжин ажилласнаар 5 аж ахуй нэгж 136 га, 6 иргэн 15 га талбайд чацаргана тариалж байна. Ойн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ойн санг гэрээгээр хоёр аж ахуй нэгж, иргэдийн 38 нөхөрлөлийг байгуулан 71205 га талбайд ой зохион байгуулалт хийж  гэрээ байгуулан ажиллаж байна.
2011 оны УИХ-ын 18 дугаар тогтоолоор газар нутгийн 240 мянган га талбай буюу Хантай, Зэд, Бүтээлийн нурууг Улсын дархан цаазат газарт хамруулаад байна.
Сэлэнгэ сум Монгол улсын Засгийн газар, аймаг, сумаас дэвшүүлж буй жил бүрийн зорилтуудыг орон нутгаа хөгжүүлэх өөрсдийн бодлоготой нягт уялдуулан ажилласнаар   сүүлийн   жилүүдэд  аймагтаа 1-3-р байрт өрсөлдөж жил тутам монгол Улсын засгийн газраас зарласан Улсын тэргүүний сум шалгаруулах болзолыг ханган биелүүлснээр 2011 онд Улсын тэргүүний сумаар шалгарсан амжилттай байна.  

Сэлэнгэ сум нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 08 сарын 29-ны өдрийн 129-р тогтоолоор 1943 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр МААМС-ын суурин дээр Ингэттолгой САА нэртэйгээр байгуулагдсан. Тус сум нь ойт хээрийн бүсэд оршиж , хойд талаараа ОХУ-ын Буриад улс, Булган аймгийн Тэшиг сумтай 200 гаруй км, зүүн хойд, зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумуудтай, зүүн урд талаараа Булган аймгийн Хангал сумтай, баруун, баруун хойд талаараа Бугат, Хутаг өндөр сумуудтай хиллэж Хантай, Бүтээлийн нуруу, Сэлэнгэ мөрөн, Зэлтэрийн голын ай савд 483 мянган кв/км нутаг дэвсгэрийг эзэлдэг. Нийт нутгийн 78 орчим хувийг ой мод эзэлж хуш, хар мод, нарс, улиас  зэрэг 10 гаруй модлог ургамал, ёрхөг, согоовор, хялгана зэрэг өвслөг болон эмийн ургамалтай, ойдоо баавгай, буга, согоо, нохой зээх, хүдэр зэрэг ан амьтантай , гол мөрөндөө тул, зэвэг, ондатор зэрэг  10 гаруй нэр төрлийн загас жараахайтай. Дух нарс, Талын хайлаас, Эг  Сэлэнгийн бэлчир, Далхвандад, Эхийн умай зэрэг түүх соёлын дурсгалт газруудыг түшиглэсэн Жарамгайн цөөрөм, Өэжүн, Ингэттур, Хоод рашаан зэрэг амралт сувилалын газруудтай.
Өнөөгийн байдлаар Таримал, Тариахтай, Сэлэнгэбүрэн, Атар, Ингэт   гэсэн  5 багийн  нийт 1107 өрхөд 3379 хүн амьдардаг. Нийт  хүн амын  67.4% нь 0-35 насны залуучууд, 49.5% нь эмэгтэйчүүд байна
Нийт хүн амын 40 гаруй хувьд төрийн үйлчилгээ үзүүлдэг хөдөөгийн  II, III, IV багууд төвийн эрчим хүчний системд холбогдсон, утсан харилцаатай, 6 сувгийн телевизийн  антен, гар утасны Скайтел, Мобиком Юнителын сүлжээ ашиглаж  байгаа нь  орон  нутгийн давуу боломжийг  тодорхойлж  байна.
Сумын төвд 72 ажиллагсадтай, 500 гаруй хүүхэдтэй, 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур  байр  бүхий  бүрэн дунд сургууль, 31 ажиллагсадтай улсын тэргүүний  Ундраа цэцэрлэг, 25 ажиллагсадтай 10 ортой хүний их эмчийн салбар, 5 албан хаагчтай Соёлын төв, Номын сан, 5 албан хаагчтай Улсын үрийн нөөц, 19 албан хаагчтай Зэд хантай бүтээлийн нурууны Тусгай хамгаалалтын газар нутгийн захиргаа, Холбоо шуудангийн салбар, Сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сургийн үржлийн төв, цаг уурын станц зэрэг төр төсвийн байгууллагууд, халуун ус, үсчин,  шатахуун түгээх станц, эмийн сан, Төрийн болон ХААН банк, гурилын үйлдвэр, цайны газар, дэлгүүр, гутал засвар, оёдол, хэрчсэн гурил, талх, нарийн боовны цех, дугуй засвар, блокны цех зэрэг жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний цэг болон Мал аж ахуй  газар тариалангийн чиглэлээр  59 аж ахуй, 7 фермер, малчдын 5 бүлэг хөдөлмөрөө хоршин хамтран ажиллаж  байна.
Тус сумын тэргүүлэх салбар нь газар тариалан бөгөөд Ингэттолгой ХК, Интосэ ХХК Хастав ХХК, Оргилдэлгэр ХХК, Өрмөгтэй ХХК зэрэг ААН-д нь парк шинэчлэл хийж, 800 гаруй га-д усалгаатай тариалан эрхлэхээр тоног төхөөрөмж суурилуулан га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж байна. Сумын хэмжээнд нийт малчин,  мал бүхий  500 өрхийн 77817 толгой мал өсөн үржиж байна. 1984 онд  батлагдсан  өндөр ашиг шимт Сэлэнгэ үүлдрийн үхрийг  өсгөн үржүүлэх цөм сүргийн  Сэлэнгэ төвийн үйл ажиллагаа нь өсвөр үхрийг үржүүлж  үүлдэр угсаа сайжруулагчаар ашиглахад  чиглэгдэж байна.

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар